top of page

ЖИРЭМСЭН ЭХЭД ӨГӨХ 10 ЧУХАЛ ЗӨВЛӨГӨӨ

Жирэмсний есөн сар бол амьдралын хамгийн нандин үе. Гэвч жирэмслэлт бүр өөрийн онцлогтой бөгөөд тодорхой хүндрэл, эргэлзээ төрдөг гэдэгтээ та санал нийлэх байх. Иймд бид танд жирэмсний хугацааг аль болох хялбар, эрч хүчтэй туулахад тань тус болох 10 зөвлөмжийг хүргэж байна.


Нэгдүгээрт, жирэмсний тэмдэглэл хөтлөх


Жирэмсэн гэдгээ олж мэдсэн эхний 7 хоногоос эхлэн төрөх хугацаа хүртэл та өөрийн биеийн болон сэтгэл зүйн өөрчлөлт бүрийг тэмдэглэх нь төсөөлж байгаагаас тань илүү тустай юм. Ингэснээр та дараа дараагийн жирэмслэлтдээ бэлтгэлтэй болж цаашлаад гэр бүл, ойр дотнынхон танд туслахад илүү хялбар болно. Тиймээс та заавал туршаад үзээрэй.


Хоёрдугаарт, ярилцах нь чухал

Жирэмсний хугацаанд дааврын өөрчлөлт нь таны сэтгэл санаанд багагүй өөрчлөлт үзүүлдэг. Эргэн тойронд хэн ч таныг ойлгохгүй, тоохгүй байгаа мэт мэдрэмж төрөх нь олон. Үнэн хэрэгтээ ойр дотнынхон танд туслах гэж хамгийн сайнаараа хичээж байдаг гэдэгт та итгээрэй. Энэ үед танд хэрэг болох хамгийн энгийн алхам бол ярилцах, өөрийгөө болон бусдыг сонсох юм. Орчин үед цахим орчинд адил асуудалтай байгаа ээжүүдтэй нэгдэж, санал бодол, туршлагаа хуваалцах нэгдсэн групп болон платформуудыг ашигладаг болсон тул сонирхоод үзэхэд илүүдэхгүй болов уу.


Гуравдугаарт, язралтаас урьдчилан сэргийлье!


Ихэнх ээжүүдийн санаа зовнидог цөөнгүй асуудлын нэг бол язралт юм. Биеийн болон арьсны онцлогоос хамаарч тодорхой хэмжээнд ул мөр үлдээх ч гэсэн урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Язралт нь арьсан доорх эдийн бичил гэмтэл үүсэх, арьс хэт сунах, коллаген дутагдаж арьсны уян хатан байдал алдагдах зэрэг нөхцөлд үүснэ. Өөрийн арьсны төрөлд тохирсон гуужуулагч ашиглах, сайтар чийгшүүлэх, иллэг хийх нь язралтаас урьдчилан сэргийлэхэд тустай. Үүний зэрэгцээ хоол хүнсний бүтээгдэхүүний тусламжтай “дотроосоо” мөн урьдчилан сэргийлэх боломжтой. Арьсны нөхөн сэргэх чадварыг дэмжихийн тулд уураг болон цайраар баялаг бүтээгдэхүүн сонгох нь зүйтэй юм.


Дөрөвдүгээрт, жирэмсний дэр


Гэдэс томорч эхлэхийн хэрээр ээжүүд тухтай унтах бараг л боломжгүй болдог. Энэ үед таны үнэнч туслах гарцаагүй жирэмсний дэр болох юм. Эмч, мэргэжилтнүүд жирэмсний дэрийг 12 дах долоо хоногоос хэрэглэж эхлэхийг зөвлөдөг байна. Тусгай сунгасан гадил хэлбэртэй дэр нь олон төрлийн дүүргэгчээр хийгддэг бөгөөд хэт халахгүй, хатгахгүй байх тал дээр анхаарч сонголтоо хийх нь зүйтэй. Дэр нь таны биеийн жинг жигд хуваарилж хажуу тал дээрээ ч тухтай унтах боломжоор хангах юм. Үүний зэрэгцээ дан ганц жирэмсний үед ч бус хөхүүл үед тань мөн тус болох болно.


Тавдугаарт, хүүхдийн тэрэгний сонголтод онцгой анхаарал хандуулаарай


Энэ нь хүүхдийн амьдралын эхний жилүүдэд хамгийн их хэрэг болох хэрэгсэл юм. Орчин үед маш олон төрлийн сонголтууд бий болсон ч тэдгээрээс чанараараа ялгарах цөөн. Олон үйлдэлт, дөрвөн улиралд ашиглах боломжтой тэрэг сонгох нь таны амьдралыг хялбарчилна. Сонголтоо хийхдээ та дараах үзүүлэлтүүдийг сайтар нягтлаарай:

  • Материал

  • Угсралт

  • Нэмэлт хэрэгслүүд

  • Удирдахад амар байдал

  • Хүүхдийн аюулгүй байдлыг хангахад зориулагдсан хэрэгслүүд

  • Хүнд/хөнгөн

  • Бүх улиралд ашиглагдах боломжтой эсэх

Зургаадугаарт, дур мэдэж эм хэрэглэхээс зайлсхийх


Хэдий энгийн ханиад, толгойн эм байсан ч та дур мэдэн эм хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Учир нь зарим эмийн найрлагад ургийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх зүйлс багтаж байж болзошгүй юм. Жирэмсний 12-16 долоо хоногт ургийн эрхтэн тогтолцоо бүрэлдэж дуусдаг гэж үздэг бөгөөд үүнээс өмнө эмийн эмчилгээнээс зайлсхийх хэрэгтэй. Энэ хугацааны дараагаар шаардлагатай нөхцөлд зөвхөн эмчийн заалтаар зарим эмийн хэрэглээг зөвшөөрдөг байна.


Долоодугаарт, бэлгийн харьцаа


Жирэмсний эхний гурван сарын хугацаанд ураг жижиг хэмжээтэй байдаг тул бэлгийн харилцаанд ороход ямар нэгэн саадгүй гэж ойлгодог. Гэхдээ үгүй юм. Учир нь энэ хугацаанд ихэс доор байрлах, тонус өгөх зэрэг урагт эрсдэлтэй үе байдаг тул аль болох эхний хэдэн сар бэлгийн харилцаанаас зайлсхийх нь зүйтэй болов уу. Үүний зэрэгцээ хордлого, ядрах, нойрмоглох болон бусад бие болон сэтгэл санааны өөрчлөлт нь бэлгийн харилцаанд орох хүслийг бууруулдаг тул өөрийгөө хүчлэх хэрэггүй. Харин хоёр дахь гурван сарын хугацаанаас эхлэн жирэмслэлт хүндрэлгүй үргэлжилж байгаа тохиолдолд тодорхой хугацааны давтамжтайгаар бэлгийн харьцаанд орох боломжтой байдаг байна.


Наймдугаарт, хяналтын эмч бол таны хамгийн сайн зөвлөх байх болно


Орчин үед харилцах боломжийг хангасан олон тооны хэрэглээний аппликейшин бий. Иймд та хяналтын эмчтэйгээ үргэлж холбоотой байж болох юм. Ингэснээр өөрт тулгарах ямарваа нэгэн хүндрэл, эрүүл мэнд болон сэтгэл зүйн өөрчлөлтийг цаг алдалгүй хуваалцаж хамтдаа зөв шийдэлд хүрэх нь танд нэн тустай юм шүү. Анхны болон дараа дараагийн жирэмслэлт байсан ч, таны туршлагаас үл хамааран жирэмслэлт бүр өөрийн онцлогтой байдаг тул мэргэжлийн зөвлөгөө хэзээ ч илүүдэхгүй гэдгийг мартуузай.

Есдүгээрт, өөрт тохирсон спортын төрлөө сонгоорой


Жирэмсний хугацаанд хэт идэвхтэй хөдөлгөөнтэй байх хэрэггүй ч огт татгалзах мөн хэрэггүй. Ихэвчлэн эмэгтэйчүүд жирэмсний иог, сэлэлт, фитнес зэргийг сонгодог. Гэхдээ энэ нь зөвхөн бие давхар үеийн биеийн ачааллыг тооцож тусгайлан бэлтгэсэн дасгал хөдөлгөөн байх хэрэгтэй гэдгийг анхаараарай.


Хамгийн сүүлд нь , зөв хооллох


Жирэмсэн эхийн зөв хооллох эхний дүрэм бол өлсөхгүй байх юм. Өдрийн туршид хэрэглэх үндсэн хоолны хооронд эрүүл жижиг хачрууд хэрэглэж хэвших нь зүйтэй. Хооллолтоороо ээж дан ганц өөрийн эрүүл мэнд бус ургийн хөгжилд нөлөөлж байдаг тул витамин, эрдэс бодисоор баялаг хүнс сонгох хэрэгтэй юм. Хувь хүний биеийн онцлогоос хамаарч авах шаардлагатай витамин болон эрдэс бодисын хэмжээ харилцан адилгүй байдаг тул хяналтын эмчтэйгээ зөвлөлдөж өөрт тохирох хүнсийг сонгоорой. Гол төлөв жирэмсэн эмэгтэйчүүд шинэ жимс, ногооны шүүс, шөлтэй хоол, сүүн бүтээгдэхүүн тогтмол хэрэглэх нь зохистой. Харин бэлэн лаазалсан бүтээгдэхүүн, зайдас, хиамнаас зайлсхийнэ үү.

Эх сурвалж: https://edoctor.mn/4113.html

55 views0 comments
bottom of page